Эстони улсын нийслэл Таллин хотноо зуун буудалт даамын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. 20 гаруй орны эрэгтэй 40, эмэгтэй 16 даамчин өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас гурван тамирчин ухаанаа уралдуулж буй.
Эрэгтэйчүүд дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд “Tallinn group”-т тоглож буй Дэлхийн даамын холбооны мастер Цогтбаатарын Сүхбат (“Монгени” сургууль, “Хасу Мегастарс” клуб) Украины их мастер Юрий Аникеев, Сенегалын их мастер Ндиага Самб, АНУ-ын Олон улсын мастер Кейта Сулеймане, Доминиканы Мартес Дейби нартай дараалан тэнцээд байна. Тэрбээр өнөөдөр дэлхийн дөрвөн удаагийн аварга Александр Шварцман, Зул сарын цахим тэмцээний ялагч АНУ-ын Макенди нартай тоглох хуваарьтай.
Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд 16 даамчин тойргийн журмаар өрсөлдөж буй. Олон улсын их мастер Мөнхбаатарын Нямжаргал (“Говь-Хангай” мебель, “Алтан хүү” клуб) Беларусийн их мастер Дарья Федоровичид хожигдон гараагаа эхэлсэн ч нутаг нэгт Б.Мишээлийг хожин, Буркина-Фасогийн Ганаме, Латвийн Елена Чеснокова нартай дараалан тэнцжээ. Түүний өнөөдрийн учраа нь түргэн тоглолтын дэлхийн аварга ОХУ-ын Матрена Ноговицына.
Харин 2019 оны Ази тивийн аварга, Олон улсын их мастер Баярын Мишээл (84-р сургууль, “Ирээдүй” клуб) эхний хоёр тоглолтдоо дэлхийн долоон удаагийн аварга Тамара Тансыккужина, М.Нямжаргал нарт хожигдсон. Дээрх хоёр тавилд хоёуланд нь тэнцэх боломж байсан юм. Улмаар Украины их мастер Виктория Мотричко, Польшийн Арлета Флисиковска нартай дараалан тэнцээд байна. Өнөөдөр тэрбээр 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт Ольга Федоровичтой тоглоно.