“Хаврын Гран-при 2023” өндөр зэрэгтэй даамчдын тэмцээн тавдугаар сарын 12-14-ний өдрүүдэд БГД-ийн 40-р сургууль дээр боллоо. Сар орчмын дараа болох Монголын хүүхдийн спортын VII их наадам болон насанд хүрэгчдийн УАШТ-ий өмнөх томоохон сорилго болсон тус тэмцээнд нийт 93 тамирчин ухаанаа уралдуулсан. Хөдөө орон нутгаас Дорноговь, Архангай, Увс, Дархан-Уул, Төв, Хэнтий, Булган, Өмнөговь, Говь-Алтай, Дундговь, Баян-Өлгий, Завхан, Говьсүмбэр аймгийн тамирчид ирж оролцсон юм.
Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад Олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг (Ирээдүй), Р.Манлай (Алтан хүү) нар адилхан 15 оноотой гарсан бөгөөд коэффициент буюу нэмэлт үзүүлэлтийн чанараар гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг аваргалав. Тэрбээр төрсөн өдрөөрөө ийн өөртөө “бэлэг барьсан” бөгөөд тус тэмцээнд гурвантаа дараалан (2019, 2022, 2023) түрүүлж, шилжин явах цомыг үүрд эзэмших эрхтэй болсон юм. Удаахь байранд ОУИМ Р.Манлай 15, СМ Б.Пүрэвбаатар (БЗД) 14, СМ Б.Чойсүрэн (Монгени) 13, ДМ Н.Түвшинбаяр (Ирээдүй) 13 оноогоор тус тус шалгарсан.
Тэмцээний эмэгтэй ангилалд ДДХМ Э.Даариймаа (Ирээдүй), ОУИМ Э.Хүслэн (Алтан хүү), СМ Ц.Цацрал (Алтан хүү) эхний гурван байрыг эзэлсэн бол ахмадын ангилалд ДДХМ Д.Ганболд (Энэрэл), охидын ангилалд ДДХДМ З.Отгонсүрэн (Сонгодог байрлал), хөвгүүдийн ангилалд СМ Т.Энхсүлд (Алтан хүү) нар аваргаллаа. Тусгай шагналыг I зэргийн тамирчин Ж.Номуундарь (Сонгодог байрлал), А.Алзахгүй (Говь-Алтай) нарт олгов. Энэ тэмцээнээс Н.Түвшинбаяр спортын мастер цолны болзлыг биелүүлсэн байна.
Тав дахь удаагаа зохиогдсон энэхүү уламжлалт тэмцээнийг дэд мастер А.Амин-Эрдэнийн гэр бүл сүүлийн хоёр жил дараалан ивээн тэтгэлээ.
Тэмцээний дэлгэрэнгүй дүнг https://results.fmjd.org/tournaments/2023/f_527/final_standings&9.html холбоосоор үзнэ үү.