Оюун ухааны спортод нас хамаарахгүй ч туршлага оройтдог

1252

Энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа 2016 оны Ази тивийн 100, 64 буудалт даамны аварга 2011-2014 аймгийн өсвөрийн аварга шалгаруулах 100 буудалт даамны дөрвөн удаагийн аварга, Дэлхийн даамны холбооны дэд мастер, спортын мастер Н.Бат-Ирээдүйг урилаа. Тэрбээр 2015-2017 оны аймгийн өсвөрийн аварга шалгаруулах 100 буудалт даамны гурван удаагийн мөнгө, 2015, 2016 оны насанд хүрэгчдийн ААШТ-ий 100 буудалтын алт, 2016 оны залуучуудын УАШТ-ий 64 буудалтын мөнгө, 2012, 2014 оны өсвөрийн УАШТ-ий 100 буудалтын мөнгө, Дархан-Уул аймгийн 2013, 2015, 2016, 2017 оны шилдэг тамирчин юм.

-Хэзээнээс даам тоглож эхэлсэн бэ? 
-2009 онд 100 буудалт даамны тэмцээнд орж байсан. Анх гэр бүлийн хүмүүс надад зааж байсан. Манай аав, өвөө, ах, эгч нар их тоглодог. Гэр бүл дотроо тэмцээн зохиогоод түрүүлсэн нь бооцоогоо авдаг байсан. Тэр үеэс хойш даам нүүдэг хүн биш тоглогч болох хүсэл төрсөн. 2010 оноос Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн 100 буудалт даамны спортын мастер Г.Сүхбат багшийн удирдлага дор бэлтгэлээ хийж эхэлсэн. 
-Хүмүүс хүүхдээ шатраар хичээллүүлэх сонирхолтой байдаг. Шатар, даамны ялгаа нь юу вэ?
-Ер нь ялгаагүй. Хоёулаа адилхан сэтгэхүйн, хөлөгт тоглоом. Даамны нүүдлийг хүн бүр мэддэг учраас нүүгээд л идээд байдаг, амархан гэж ойлгодог. Гүнзгийрүүлээд судалбал даам тоглохдоо олон нүүдлийн цаадахыг харж, олон техник эзэмших хэрэгтэй. Гүнзгий түвшинд бол шатар, даам сэтгэхүйг яг адилхан хөгжүүлдэг. Монголд шатрыг өндөр түвшинд хөгжүүлэх гэж дэмжиж байгаа хүмүүст ийм ойлголт төрүүлдэг байх.
-Азийн шилдэг даамчидтай халз тоглож түрүүлж байсан юм байна. Тэмцээний тов ойртох тусам сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Даамны тэмцээн 7-9 өргөөр харилцан тоглолт болж явагддаг. ААШТ есөн өрөг тоглолт болсон. Өрөг бүр маш чанга. Учир нь хүн бүр Азийн аварга болохыг хүсэж очсон тамирчид байсан. Эхний 4-5 өрөг бол сэтгэл зүйд нөлөөлөөгүй. Харин сүүлийн тоглолтууд сэтгэл зүйд их нөлөөлж эхэлсэн. Төгсгөлд нь хоёр хожвол түрүүлнэ. Нэг хожвол хүрэл медаль хүртэнэ гэсэн сэтгэл зүй шаардсан. Багш болон аавын хэлж байсныг бодож тоглосны эцэст хожиж түрүүлсэн. Иймд сэтгэл зүйг хэрхэн бэлдэх хэрэгтэйг тоглолтоосоо мэдэрч байх хэрэгтэй.  
-Математик сэтгэлгээ даамтай холбоотой юу?
-Хүүхэд тоондоо сайн байх нь чухал биш. Математик сэтгэлгээтэй байх нь чухал. Амьдралд энэ сэтгэлгээ аливаа зүйлийг амар хялбараар ойлгож, гаргалгаа хийж чаддаг болоход тустай. Тоондоо мундаг мөртлөө дааманд сайн болгох гээд хичээгээд сайжраагүй хүүхэд ч бий. Гэхдээ математик бол шатар, даам хоёртой уялдаа холбоотой.
-Даамаар хичээллэдэг хүүхдүүдэд үр дүн, нөлөө нь хэзээнээс мэдрэгддэг вэ?
-Тухайн хүүхдээс шалтгаална. Хүүхэд бүр харилцан адилгүй. Эцэг эхчүүд гурван сар яваад л дааманд сайн болно гэж ойлгодог. Энэ бол өрөөсгөл зүйл. Үр дүнг нь үзье гэвэл байнга хичээллэх хэрэгтэй. Биеийн тамирын дасгал байнга хийж, бие хөгждөг шиг шатар, даам бол оюун ухааны дасгал. Оюун ухааны спорт учраас хичээллэхэд нас оройтохгүй. Харин туршлага оройтно. Байнга хичээллэж байж амжилт гаргана. Хүүхэд нэг сар завсарлахад чаддаг зүйлээ чадахгүй болж, алдаа гаргадаг.
-Даамаар хичээллэдэг тамирчдыг тууштай, тэвчээртэй зан, зорилго тэмүүлэл нь амжилт руу хөтөлдөг. Та үүнийг олон тэмцээнээс мэдэрсэн болохоор залууст зөвлөгөө өгөөч?
-Амжилт гэдэг хүний хүрээд очсон оргил биш. Миний хувьд хичээллэж байсан он жилүүдээ амжилт гэж боддог. Хүн ямар нэг зүйлийг хүсээд түүндээ заавал цаг гаргаад шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Энэ нь таны амжилт байх болно. 
-Таны цаашдын зорилго гэвэл? 
-100 буудалт даамны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга болохыг зорьж байна. Даамны хамгийн дээд шагнал ОУИМ цолд хүрэх зорилгыг өмнөө тавьж бэлтгэл сургуулилтаа шаргуу хийж байна. Өөр тэмцээнүүдэд амжилттай оролцож чансаагаа дээшлүүлнэ. Энэ спортыг сонгосон шалтгаан юу билээ. Тиймээс зорьсондоо хүрнэ. 

Д.Дарамбазар (“Зууны мэдээ” сонин 2021.10.13)