Г.Гэрэлболд, Б.Мөнхжин хошой аваргууд

693

Монгол Улсын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 47, эмэгтэйчүүдийн 34 дэх удаагийн тэмцээн тавдугаар сарын 6-13-ны өдрүүдэд Дундговь аймгийн төв Мандалговь хотноо болж өндөрлөлөө. Шигшээ тэмцээнд Олон улсын их мастер 3, Олон улсын мастер 1, Дэлхийн даамын холбооны мастер 5, Дэлхийн даамын холбооны дэд мастер 2, спортын мастер 11, дэд мастер цолтой 3, нийт эрэгтэй 14, эмэгтэй 12 даамчин тойргийн журмаар өрсөлдөв. Оролцогчдын хамгийн ахмад 60 настай СМ Б.Ганзориг (Алдар спорт хороо), хамгийн залуу нь 10 настай СМ Д.Ангараг (Алтан хүү клуб) нар байсан юм.

Дүн гарахад эрэгтэйчүүдээс ДДХМ Г.Гэрэлболд (Чибо фүүдс ХХК) 23 оноо авсан амжилтаар тэргүүлж, улсын аваргын алдрыг хоёр дахь удаагаа хүртлээ. Тэрбээр 2016 онд Монголын бүх ард түмний спортын наадмын хүрээнд зохиогдсон УАШТ-д түрүүлж байв. Мөнгөн медалийг ОУИМ Р.Манлай (Алтан хүү клуб) 21 оноогоор, хүрэл медалийг ДДХМ Д.Ганболд (Энэрэл клуб) 17 оноогоор хүртсэн. 

Эмэгтэй ангилалд саяхан Узбекистан улсад зохиогдсон Ази тивийн АШТ-д түрүүлж, их мастер цолны болзол хангасан Б.Мөнхжин (Монгени клуб) 19 оноогоор аваргалж, ДДХМ Э.Даариймаа (Алтан хүү клуб) 17 оноогоор, спортын мастер Ц.Цацрал (Алтан хүү клуб) 16 оноогоор удааллаа. Б.Мөнхжингийн хувьд 2018 онд 14 насандаа насанд хүрэгчдийн улсын аваргаас анхны түрүүгээ авч байв.

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг дараах холбоосоор үзнэ үү.

Эмэгтэй – https://results.fmjd.org/tournaments/2024/f_760/

Эрэгтэй – https://results.fmjd.org/tournaments/2024/f_761/