“3ууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа даамны олон улсын их мастер Э.Хүслэнг урилаа. Тэрбээр долоон настайгаасаа даамаар хичээллэж, монгол хүний оюун ухааны чадамжийг дэлхийд дархалсан авьяаслаг тамирчин. Э.Хүслэн 12-тойдоо насанд хүрэгчдийн ААШТ-д III байрт орж, дэлхийн даамны холбооны мастерын болзол хангасан хамгийн залуу даамчин юм. Мөн 2015 онд Близ, 2016 онд турк даамын Монголын анхны дэлхийн аваргын алтан медалийг эх орондоо авчирсан. Харин 2019 онд Туркт болсон 100 буудалт даамын үндсэн төрөлд түрүүлж Монгол Улсаас дэлхийн аварга цолыг хүртсэн гурав дахь тамирчин болсон юм.
-Оны өмнө Азийн АШТ-ий насанд хүрэгчдийн ангиллын гурван төрөлд түрүүлж олон улсын их мастерын болзлыг хангасан. Энэ үе сандрал, догдлол дүүрэн цаг хугацаа байсан болов уу?
– Энэ тэмцээнд түрүүлбэл олон улсын их мастерын болзол хангах боломжтой байсан. Тиймээс тэмцээн эхлэхээс долоо хоногийн өмнөөс сэтгэл зүйгээ бэлдсэн. Намайг ямар арга барилтай тоглодгийг сайн мэддэг Монголын тамирчид маань хамт оролцсон учраас өрсөлдөөнтэй байлаа. Тэмцээний үеэр аль болгох сэтгэл зүйгээ тайван байлгахыг хичээсэн.
-Энэ тэмцээнээс ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд оролцох эрхээ авсан байх аа?
-Энэ жилийн есдүгээр сард Өмнөд Америкийн насанд хүрэгчдийн ДАШТ болно. 2020 оны ААШТ-ээс алтан медаль авснаар оролцох эрхээ авч чадлаа. Өнгөрсөн ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд Ази тивээс медаль хүртсэн тамирчин одоогоор байхгүй. Тиймээс миний ойрын зорилго бол Ази тивийн анхны медалийг эх орондоо авчирах. Би 2019 онд ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд оролцож байсан. Тэр үед жаахан байсан учраас өөрийгөө соръё л гэсэн зорилготой байсан.
-Сайн өрсөлдөгч хүчтэй тамирчныг бүтээдэг. Таныг хурцалдаг, хүчтэй өрсөлдөгч олон бий юу?
-Би өрсөлдөгчиддөө хичээгээрэй гэж хэлдэг. Учир нь тэд хүчтэй байж амжилт гаргах тусам би илүү байхын төлөө хичээж хөдөлмөрлөж, өөрийгөө хурцална. Монголын тамирчид хүчтэй. Харин бусад орноос Хятад, Оросын тамирчид өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлж чаддаг.
-2019 оны ДАШТ-ий сүүлийн шатанд ОХУ-ын тамирчинтай тунаж, сонирхолтой тоглолт үзүүлсэн. Их өрсөлдөөнтэй тэмцээн болсон гэж спортын хорхойтнууд үнэлдэг?
-Хамгийн сонирхолтой нь 2015, 2016, 2019 оны ДАШТ-ий сүүлийн тоглолтод ОХУ-ын тамирчинтай гурван жил тунаж аваргын төлөө өрсөлдсөн. 2019 оны ДАШТ-ий үеэр бид хоёрын тоглолт 4-5 цаг үргэлжилсэн. Хөлгөө хараад хэрхэн тоглох вэ гэж төвлөрдөг учраас ямар хугацаа өнгөрснийг анзаардаггүй. Тоглолт дууссаны дараа намайг хүлээж байсан ээж минь “Удаан тоглолт боллоо” гэж хэлж байсан. Дүнгээ сонсоод дэлхийн аварга боллоо гэхэд итгээгүй. Догдлол дүүрэн цаг хугацаа байсан. Тухайн үед миний насны ангилалд 4-5 орны 60 гаруй тамирчин оролцсон юм.
-Тэмцээний үед сандрал, догдлол хэр байдаг вэ?
-Би багадаа тэмцээний өмнө их догдлолтой, тэмцээн эхлэхээр сандраад хожигдчих вий гэсэн сэтгэл зүйн айдастай байдаг байсан. Энэ үед өрөгөө тайван тоглож чадахгүй алдаа гаргах нь бий. Гэхдээ тэмцээнээс тэмцээний хооронд сэтгэл зүйгээ удирдаж сурч байна. Намайг сонирхлоо дагаад амжилтын төлөө тэмүүлэхэд гэр бүл, найз, нөхөд, сургуулийнхан маань үргэлж дэмжиж, урам хайрладагт баярладаг. Би даамаар хичээллэснээр зөв сонголт хийх, тэвчээртэй байх гээд олон зан чанарыг өөртөө суулгасан. Мөн даамны хөлөг дээр аль нь илүү холыг алдаагүй зөв харж чадсан нь ялалт байгуулдаг учраас алсын харааг хөгжүүлдэг.
П.Амгаланбаяр (“Зууны мэдээ” сонин. 2023.01.26)